Салхин Цахилгаан Станц
Клин Энержи Ази ХХК (КЭА) нь 25 ш салхин цахилгаан үүсвэрээс (СЦҮ) бүрдэх нийт 50 МВт-ын хүчин чадал бүхий Цэций салхин паркийг Монгол улсын Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА) –ын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд зээлдүүлэгч байгууллагуудын зүгээс тавьсан байгаль орчин, нийгмийн өндөр стандарт, шаардлагыг төслийн бүх шатанд баримтлан ажиллана.
Цэций салхин парк нь Улаанбаатар хотоос өмнө зүгт ойролцоогоор 542 км зайд, Цогцэций сумын төвөөс өмнө зүгт 22 км зайд байрлах ба ойролцоогоор 700 га уудам задгай, цөлөрхөг хээр газрыг эзлэн оршино. Уг төсөл нь СЦҮ болон турбины суурийн байгууламжаас гадна СЦҮ- ийн  үйлдвэрлэсэн цахилгааныг төслийн талбайн дэд станцруу дамжуулах зорилготой 18км урт газар доорх кабелийн сүлжээг мөн суурилуулна. Төслийн талбайд байрлах дэд станц нь үйлдвэрлэсэн цахилгааныг 34 км урт 110кВ-ын цахилгаан дамжуулах  агаарын шугамаар Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон Таван Толгой Дэд Станцад (ТТДС) дамжуулахаар төлөвлөжээ.
Төсөл нь нүүрнээс хамааралтай дулааны цахилгаан станцыг бодвол хүлэмжийн хий ялгаруулдаггүй бөгөөд иргэдийн цахилгааны оргил цагийн ачааллыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Энэхүү салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр жилд ойролцоогоор 230,000 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж,  180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.
Мөн түүнчлэн дотоодын салхин цахилгаан станцаар ийнхүү эрчим хүч үйлдвэрлэснээр гаднаас импортлогдох нийт цахилгааны хэмжээг бууруулж, Монгол улсын дэд бүтэц буюу авто болон төмөр зам, эрчим хүчний дэд бүтэцийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно .