“Клин Энержи Ази” (КЭА) ХХК нь Ньюком ХХК болон ЭС-БИ Энержи Корпораци хамтын хөрөнгө оруулалтаар 2012 онд үүсгэн байгуулагдсан билээ.

Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр эрчим хүчний хангамж тулгамдсан асуудал болж байна. Эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний улам бүр нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, байгалийн баялгийн хязгаарлагдмал нөөц зэрэг асуудлууд нь эрчим хүчийг зөв зохистой ашиглах, цаашлаад сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүчийг үйлдвэрлэх шаардлагатайг харуулж байна.

КЭА компанийн зорилго нь Монголд сэргээгдэх эрчим хүчний нөөцийг судлах, үйлдвэрлэх, мөн тус салбарыг хөгжүүлэхэд оршино. Хэтийн зорилгодоо Азийн Эрчимийн супер сүлжээг бүтээн байгуулж, эрчим хүч экспортлохоор эрмэлзэж байгаа билээ.

Бид Монгол Улсыг бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч болж чадна гэдэгт бүрэн итгэдэг. Монголын Сэргээгдэх эрчим хүчний төв, АНУ-гийн Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лаборатороос гаргасан хамтын судалгаагаар, Монгол Улс жилдээ 2550 тераВатт-цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий “сайн” – “маш сайн” хэмээн үнэлэгдэх салхины нөөцтэй гэж тогтоогджээ. Хөдөө орон нутгийг эрчим хүчээр  хангахуйц дунд зэргийн чанартай салхины нөөцийг энэ тоон дээрээ нэмвэл, Монгол Улс жилдээ 8123 тераВатт-цаг хүртэл  эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн тооцоо байна.