2016 оны 9-р сарын 28
Клин Энержи Ази ХХК
СБ Энержи Корпораци
Ньюком ХХК
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк
Монгол Улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих төсөл
Клин Энержи Ази ХХК нь хувь нийлүүлэгчид болох Ньюком ХХК болон СБ Энержи Корпорацитай хамтран Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (цаашид “ЖАЙКА” гэх) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (цаашид “ЕСБХБ” гэх)-тай Монгол Улсын өмнөд хэсэгт 50 мегаваттын салхин цахилгаан станц барих санхүүжилтийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Клин Энержи Ази ХХК (Төв алба: Улаанбаатар хот, Гүйцэтгэх захирал: Дагвагийн Ганхуяг, цаашид “Клин Энержи Ази” гэх)-ийн 51 хувийг харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын групп компани болох Ньюком ХХК эзэмшдэг. Үлдсэн 49 хувийг Софтбанк Групп Корпораци (харилцаа холбоо, технологийн групп компани)-ийн охин компани болох СБ Энержи Корпораци (ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал: Maсаёоши Сон, цаашид “СБ Энэржи” гэх) эзэмшиж байна.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, асар их хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Цахилгааны хэрэгцээг одоогоор бараг бүхэлд нь хуучирч муудсан, агаарыг ихээр бохирдуулдаг, нүүрсээр галладаг станцуудаар хангаж байна. Салхин цахилгаан станц баригдсанаар Монгол Улсын өргөн уудам, шавхагдашгүй салхины нөөцийг ашиглан эрчим хүчний хэрэгцээг цэвэр, экологийн хувьд үр ашигтай эх үүсвэрээр хангах нөхцөл бүрдэнэ. Төсөл эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, цаг уурын өөрчлөлтийг бууруулах ажилд тодорхой хувь нэмэр оруулах болно. Салхин станцийг 2017 оны 12-р сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1,130 мегаватт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй байна (Монгол Улсын Эрчим хүчний удирдах газар, 2015 он). Цаг уурын өөрчлөлтөнд өртөгдөх эрсдэлээрээ дэлхийд наймдугаарт (Цаг уурын эрсдэлийн индекс. Эх сурвалж: GERMANWATCH “Дэлхийн Цаг уурын эрсдэлийн индекс 2014) орж байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр жилийн 15.9 хувийн бодит өсөлттэй (Эх сурвалж: ОУВС, 2014) байгаа Монгол Улсын эдийн засагт тулгамдсан асуудал юм. Иймд, сэргээгдэх эрчим хүч гэх мэт эрчим хүчний найдвартай, аюулгүй эх үүсвэр Монгол Улсад онцгой шаардлагатай байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого 2015 онд Улсын их хурлаар батлагдсан бөгөөд эрчим хүчний салбарт 2015-2030 онуудад хүрэх дунд, урт хугацааны зорилт, төлөвлөгөөг гаргасан. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод зааснаар сэргээгдэх эрчим хүчний нийт эрчим хүчний үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрэх ёстой. Мөн түүнчлэн, эрчим хүчний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч улсуудтай хамтран дэмжиж, Говийн бүсийн салхи, нарны арвин их эх үүсвэрийг ашиглахаар заасан. Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тухай Хамтарсан зээлийн механизмын меморандумыг Япон Улстай байгуулсан анхны улс юм.
Ийм нөхцөл байдалд Цэций салхин станцийн төсөл нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд түлхэц болох учиртай.
Салхин цахилгаан станцийн энэхүү төсөл нь ЖАЙКА-гийн Хувийн Салбарын Хөрөнгө Оруулалтын Санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилтийн анхны долларын хэлцэл, Ньюком болон ЕСБХБ-ны хувьд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа сэргээгдэх эрчим хүчний хоёр дахь төсөл болж байна. Монгол Улсын анхны хувийн салхин цахилгаан станц нь Салхитын 50 мегаваттын станц бөгөөд үйл ажиллагаагаа 2013 онд эхлүүлсэн. Цэций 50 мегаваттын салхин цахилгаан станцийн төсөл нь СБ Энержи, СофтБанк Группын хувьд Монгол Улсад гүйцэтгэсэн анхны эрчим хүчний ажил болж байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан СБ Энержи ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал бөгөөд СофтБанк Группын төлөөлөгч Масаёоши Сон дараах үг хэлэв. Үүнд:
“Энэхүү төсөл нь СофтБанк Группын хувьд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх анхны алхам болж байна. Салхин станцийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг үндэсний түгээх сүлжээнд холбож, дотоодод нийлүүлэх болно. Ингэснээр Монгол Улсад эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр СофтБанк Группын сэргээгдэх эрчим хүчний бизнес Япог, Энэтхэг, Монгол улсуудад баазтай болно. Бид хамтдаа дэлхийн хэмжээний бизнесээ өргөжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулахын төлөө ажиллана.”
Ньюком Группын ТУЗ-ийн дарга Цэрэнпунцагийн Болдбаатарын сэтгэгдэл дараах байв. Үүнд:
“Өнөөдрийг хүртэл Монгол Улсын анхны салхин цахилгаан станц, анхны хувийн эрчим хүчний үйлдвэр болсон Салхитын салхин цахилгаан станцийн төслийг хэрэгжүүлснээс хойш Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж байгаадаа Ньюком Групп бахархаж байна. Дэд бүтцийг бэхжүүлэх, тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж эрчим хүчний салбарыг либералчлах ажлыг манлайлах замаар Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн Ньюком Группын чин хүсэл Цэций салхин станцийн төслөөр дахин нотлогдож байна.
Цэций салхин станцийн төслөөр дамжуулан туршилт хийж, СофтБанк Групптэй хамтран ажиллах түншлэлээ танилцуулж байгаадаа Ньюком баяртай байна. Олон улсад нэр хүндтэй бизнес эрхлэгч, бизнесийн манлайлагч Масаёоши Сон гуайгаар удирдуулсан дэлхийн тэргүүний технологийн оролцогч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар илүү тогтвортой, амар тайван дэлхийг бүтээхэд ханцуй шамлан орлоо. Ньюком энэхүү чухал санаачлагад оролцохдоо таатай байна.
Мөн түүнчлэн бидний олон улсын зээллэгийн түншүүд болон ЖАЙКА болон ЕСБХБ-нд талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Энэ хоёр байгууллага төслийг хэрэгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлсэн билээ. Цэций салхин станцийн төсөл бол сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэж байгаа ЖАЙКА-гийн анхны хувийн хэвшлийн төслийн санхүүжилтийн хэлцэл юм. ЕСБХБ-ын хувьд Монгол Улсад Ньюкомтой хамтран хэрэгжүүлж байгаа салхин цахилгаан станцийн хоёр дахь төсөл билээ. Энэ нь бид нэг зорилгын төлөө, Монгол Улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллаж байгаагийн тод илрэл болж байна.”
ЖАЙКА дараах мэдэгдэл гаргав. Үүнд:
“Монгол Улсад хэрэгжих Цэций салхин станцийн төсөл нь ЖАЙКА-гийн Хувийн Хэвшлийн Хөрөнгө Оруулалтын Санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэж байгаа төслийн санхүүжилтийн анхны долларын хэлцэл болж байна. Энэхүү төсөл мөн ЕСБХБ-тай хамтран санхүүжүүлсэн анхны төсөл бөгөөд амьдралын мөчлөгийн өртөг, байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг зохих ёсоор харгалзан үзэж, орон нутгийн иргэд, эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа тул Япон Улсын Засгийн газраас дэмжин ажиллаж байгаа “Чанартай дэд бүтцийн төлөөх түншлэл”-ийн зарчимтай нийцэж байна.
ЖАЙКА Монгол Улсын эрчим хүчний салбарыг, тэр дундаа Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцийг дэмжсээр ирсэн билээ. Нийгэм, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах үүднээс ЖАЙКА цаашид ч Монгол Улсын эрчим хүчний салбарыг дэмжин ажиллах болно.
ЖАЙКА цаашид үйл ажиллагаагаа хөгжиж буй улс орнууд, бүс нутагт нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө засгийн газар, олон улсын байгууллагуудтай уялдуулж, “чанартай дэд бүтцийн санхүүжилт” болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг дэмжин ажиллана.”
ЕСБХБ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Филип Беннетт хэлэхдээ, “Өнөөдөр салхин цахилгаан станцийн хоёр дахь төслийн санхүүжилтийн гэрээг үзэглэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа баяртай байна. Урт удаан хугацааны турш түнш байсан Ньюком, шинэ түншүүд болох ЖАЙКА, СофтБанк Групптэй хамтран ажиллаж байгаадаа онцгойлон талархаж байна. Монгол Улсын эрх баригчидтай найман жилийн турш тогтвортой ажилласны үр дүнд өнөөдрийн ёслол болж байна. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг ашиглах боломжийг бүрдүүлсэн зохицуулалтын орчинг боловсруулахад эрх баригчидтай хамтран ажиллалаа. Өнгөрсөн арван жилд Монгол Улсын хувийн хэвшилд 1.4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээс Салхит, Цэций салхин станцууд хамгийн их бахархаж явдаг төслүүдийн нэг билээ” хэмээн тэмдэглэв.
СБ Энержи, Ньюком, ЖАЙКА, ЕСБХБ хамтран Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бизнесийг хөгжүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг боловронгуй болгох ажил хэрэгт хувь нэмэр оруулна.
Салхин станцийн товч мэдээлэл
Байршил: Монгол Улс, Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Үйлдвэрлэх хүчин чадал: 50 мегаватт: 2,000kW x 25 генератор
Клин Энержи Ази ХХК-ийн тухай 
Клин Энержи Ази ХХК (КЭА) нь Ньюком ХХК болон Японы СофтБанк Корпорацийн сэргээгдэх эрчим хүчний салбар компани болох СБ Энержи Корпорацийн 2012 онд үүсгэн байгуулсан хамтарсан компани юм.
СБ Энержи Корпорацийн тухай 
СБ Энержи нь СофтБанк Групп Корпорацийн охин компани бөгөөд Японы сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг юм. 2016 оны 9-р сарын байдлаар 26 станцид 308.6 мегаваттын (96 мянган өрх гэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хэмжээ) эрчим хүч үйлдвэрлэсэн байна. СБ Энержи нь том хэмжээний нарны эрчим хүч үйлдвэрлэх (Mega Solar), салхин эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байгалийн эх үүсвэрээр үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэлгэрүүлэх, нэмэгдүүлэх зорилготой юм.
Ньюком ХХК-ийн тухай 
Ньюком нь Монгол Улсын цэвэр технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулагч бөгөөд Монгол Улсад дэлхийн хэмжээний мэдлэг туршлага, инновацийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Ньюком Групп нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн үйлчилгээний салбар гэх мэт олон салбарт хөрөнгө оруулаад байна. Тус компани нь Улаанбаатар хотоос 70 км зайд оршдог,50 мегаваттын хүчин чадалтай Монгол Улсын анхны салхин цахилгаан станцийг ажиллуулж байна. Мөн түүнчлэн, олон улсын консорциумтай хамтран 450 мегаваттын цахилгаан, дулааны 5-р станцийг засгийн газартай байгуулсан концессийн гэрээний дагуу төсөл боловсруулж байна. Компанийн төв алба Улаанбаатар хотод байдаг бөгөөд нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл манай цахим хуудсаар зочилно уу. www.newcom.mn.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (ЖАЙКА)-ийн тухай
ЖАЙКА нь Японы Хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлдэг, хөгжиж буй улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. “Хүртээмжтэй бөгөөд давшингуй хөгжил”-ийн алсын хараатайгаа уялдуулан ЖАЙКА нь хөгжиж буй улс орнуудад тулгамдсан асуудлуудыг туслалцааны олон янзын арга барил, хэрэгслийг ашиглан, бус нутгийн, улс орны онцлогийг тусгасан, асуудалд суурилсан арга замаар шийдвэрлэх туслалцаа үзүүлдэг.
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны тухай
ЕСБХБ нь Мороккогоос авхуулаад Монгол, Эстониас Египет хүртэлх 30 гаруй  улсуудад зах зээлийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж, хувийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжин ажилладаг олон талт банк юм. Тус банкийг 65 улсын засгийн газар, Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк эзэмшдэг. Бидний үйл ажиллагааг цахим хуудас, Facebook, Instagram, Twitter, YouTube-ээр дагана уу.