Kлин Енержи Ази ХХК-ийн хэрэгжүүлж буй 50 мегаваттын “Цэций” салхин цахилгаан станцын төсөл нь 2016 оны “Азийн салхин эрчим хүчний шилдэг хэлцэл” -ээр шалгарч 2017 оны 3 дугаар сарын 09 -нд дэлхийн нэр хүнд бүхий IJ Global Awards 2016 шагнал гардан авлаа.
Euromoney Institutional Investor Группын нэг хэсэг болох энэхүү IJ Global нь олон улсын дэд бүтэц болон төслийн санхүүжилтийн мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сан ба олон улсын дэд бүтцийн санхүүжилтийн төслүүдээс хамгийн шилдэг хэлцлүүдэд IJGlobal Awards шагналыг олгодог.
Төслийг хэрэгжүүлэгч компани болох Клин Енержи Ази ХХК нь уг 50 мегаваттын салхин паркийг 2017 оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар зорьж байгаа бөгөөд шилдэг төслөөр шалгарсан уг салхин паркийн бүтээн байгуулалтыг төслийн санхүүжилтийн аргаар 128 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хувьцаа гаргах болон зээл авах замаар санхүүжүүлсэн байна.
Монгол Улсад байгаа хоёр дахь салхин парк  болох уг төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА)–ын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа ба энэхүү төсөл нь ЖАЙКА- ийн сэргээгдэх эрчим хүчний салбар дахь анхны гадаад хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. Харин Клин Енержи Ази ХХК нь Монголын харилцаа холбоо, дэд бүтцийн томоохон групп компани болох Ньюком ХХК болон Японы харилцаа холбоо, технологийн групп компани болох SoftBank Group-ын охин компани SB Energy Corp-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм.
2015 онд УИХ-аас Монгол Улсын эрчим хүчний салбарын дунд болон урт хугацааны зорилт болон 2015 оноос 2030 он хүртэлх төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улс 2020 онд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 20%, 2030 он гэхэд 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрдүүлэхээр зорьж байна. Энэхүү төсөл нь эрчим хүчний бодлогын дээрх зорилтыг биелүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм.
Уг салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр жилд ойролцоогоор 230,000 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулж,  180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэнэ гэж  тооцоолсон байна. Түүнчлэн тус салхин цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэснээр гаднаас импортлох цахилгааны хэмжээг бууруулахад тодорхой хэмжээгээр дэм болно гэж үзэж байна. Монгол Улсын өмнөд хэсэгт орших уг салхин парк ашиглалтад орсоноор улсын болон орон нутгийн дэд бүтэц буюу авто зам, төмөр зам болон эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулах юм.
Нэмэлт мэдээллийг дараах хуудаснаас үзнэ үү.
https://www.jica.go.jp/press/2016/20170315_02.html
https://ijglobal.com/Awards/YearCategories
http://newcom.mn/en/company/55
https://www.youtube.com/watch?v=aygmUfsEi6U