Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж буй 50 мегаваттын хүчин чадалтай “Цэций” салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч Клин Энержи Ази ХХК нь  энэ сарын 20-ны өдөр Сэргээгдэх Эх Үүсвэрээр Цахилгаан Эрчим Хүч Үйлдвэрлэх Тусгай зөвшөөрлөө гардаж авлаа.

 

“Цэций” салхин цахилгаан станцын тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө

Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Д. Бассайхан, Ажлын албаны дарга Г. Эрхэмбаяр нар гардуулж өгсөн бөгөөд тусгай зөвшөөрлийг гардуулах ёслолын үйл ажиллагаанд Эрчим Хүчний Яамны Сэргээгдэх Эрчим Хүчний Хэлтэсийн дарга М. Ангараг, Цогтцэций сумын Засаг дарга, О. Бадарч, Орон нутгийн удирдлагууд болон албаны бусад төлөөлөл тус тус оролцсон байна. “Цэций” Салхин Цахилгаан Станц нь Төв аймгийн нутагт Клин Энержи ХХК-ын “Салхит” Салхи Цахилгаан Станцын нээлтээ хийсэн дөрвөн жилийн ойн өдөр тусгай зөвшөөрлөө гардан авч байгаа талаар оролцсон зочид төлөөлөгчид ихээхэн билэгшээж байв.

“Цэций” салхин цахилгаан станцын тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө

Клин Энержи Ази ХХК нь Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө хүлээн авсанаар Диспетчерийн Үндэсний Төвөөс баталсан 2017 оны “Цахилгаан үйлдвэрлэх төлөвлөгөө” ёсоор дагуу энэ ондоо нийт 42 сая кВт.ц цахилгааныг, 2018 оноос эхлэн нийт 25 жилийн хугацаанд жилд дунджаар 201 сая кВт.ц цахилгааныг Төвийн бүсийн эрчим хүчний системд тус тус нийлүүлэх боломжтой болж байна. Мөн түүнчлэн Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний 2 дах том чадлын салхин цахилгаан станц ийнхүү ашиглалтад ороход бэлэн болж байгаагаараа Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжилд нэгэн ахиц дэвшил гарч буй үйл явдал болж байгааг холбогдох албаны хүмүүс онцолсон бөгөөд тус төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА) -аас олгосон зээлийн санхүүжилтээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Онцлон дурьдахад энэхүү төсөл нь ЖАЙКА- ийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хийж буй анхны гадаадын хөрөнгө оруулалт болж байгаа юм.

Цэций Салхин цахилгаан станцын барилга угсралтын явц төслийн ажлын графикийн дагуу 2017 оны 6-р сард нийт 10 салхин турбин генераторыг угсарч, туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн байдлаар төслийн талбар дах замын барилгын ажил үндсэндээ бүрэн дуусч, дэд станцын барилга угсралт, Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил тус бүр 80 орчим хувьтайгаар шахуу төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байна.

 

 

“Цэций” салхин цахилгаан станцын тусгай зөвшөөрлийг гардуулж өглөө

2015 онд УИХ-аас Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг батласнаар Монгол Улсын эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд болон урт хугацааны зорилт хийгээд 2015 оноос 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт тусгагдсанаар Монгол Улс 2020 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20%-ийг, 2030 он гэхэд 30%-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэх зорилт тавьж байна. Энэхүү төсөл нь эрчим хүчний бодлогын дээрх зорилтыг биелүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Уг салхин цахилгаан станцыг барьж байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 230,000 тонн хэмжээгээр бууруулж, 180,000 тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэхээр байгааг тооцоолсон байна. Түүнчлэн тус салхин цахилгаан станц ажиллаж эхэлснээр гаднаас импортлох цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулахад тодорхой хэмжээгээр тус дэм болох юм. Монгол Улсын өмнөд бүс нутагт орших уг салхин цахилгаан станц ашиглалтад орсноор улсын болон орон нутгийн чанартай дэд бүтэц болох авто зам, төмөр зам болон эрчим хүчний хөгжилд тодорхой хувь нэмэр орох болно.