Цэций салхин цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Цэций уулын ойролцоо 50мВт-ын хүчин чадал бүхий салхин парк байгуулагдахаар боллоо. Тус салхин станцын шав тавих ёслолын ажиллагаа 11 дүгээр сарын 23-нд болсон бөгөөд УИХ-ын  гишүүн Л. Энхболд, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг,  Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Ньюком группийн гүйцэтгэх захирал Н. Энхболд, “Софт Банк Энержи”-гийн Akinari Matsunami, Цогт-Цэций сумын засаг дарга О.Бадарч болон албаны бусад 80 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Нийт 128 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Цэций салхин цахилгаан станцын төслийг сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Клин Энержи Ази компани хэрэгжүүлж байна. Тус станц жилд 201 сая кв/ц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэх хүчин чадалтай аж. 2017 оны сүүлчээр ашиглалтад орох салхин станц ойролцоогоор 120 мянган тонн нүүрс, 1.5 сая тонн цэвэр ус хэмнэх төдийгүй 180 мянган тонн нүүрс хүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Мөн үйлдвэрлэсэн 200 сая кВт.ц эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэхийн зэрэгцээ “Оюу Толгой”, “Таван Толгой” зэрэг төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой.

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Клин Энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. Ганхуяг “Монгол Улс нар, салхины арвин их нөөцтэй орон. Өндөр  өсөлттэй эдийн засагтай, эрчим хүчээр ангасан Азийн хөршүүдээрээ дамжуулан бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний томоохон нийлүүлэгч болохоор зорьж байна. Цэций салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчний их потенциалыг асар их эрэлттэй нь холбох, Монгол Улсын эрчим хүч экспортлогч орон болох эхлэлийг тавьж байгаа гэдэгт бид итгэлтэй байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1,130 мегаватт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй байна. Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогод нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэж тусгасан. Мөн  эрчим хүчний салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч улсуудтай хамтран дэмжиж, Говийн бүсийн салхи, нарны арвин их эх үүсвэрийг ашиглахаар заажээ.

Хэрэгжүүлэгч компанийн талаарх мэдээлэл:

Клин Энержи Ази ХХК-ийн тухай

Клин Энержи Ази ХХК (КЭА) нь Ньюком ХХК болон Японы СофтБанкКорпорацийн сэргээгдэх эрчим хүчний салбар компани болох СБ Энержи Корпорацийн 2012 онд үүсгэн байгуулсан хамтарсан компани юм.

Хөрөнгө оруулагч компаниудын талаарх мэдээлэл:

СБ Энержи Корпорацийн тухай

СБ Энержи нь СофтБанк Групп Корпорацийн охин компани бөгөөд Японы сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг юм. 2016 оны 9-р сарын байдлаар 26 станцид 308.6 мегаваттын (96 мянган өрх гэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хэмжээ) эрчим хүч үйлдвэрлэсэн байна. СБ Энержи нь том хэмжээний нарны эрчим хүч үйлдвэрлэх (Mega Solar), салхин эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байгалийн эх үүсвэрээр үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэлгэрүүлэх, нэмэгдүүлэх зорилготой юм.

Ньюком ХХК-ийн тухай

Ньюком нь Монгол Улсын цэвэр технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулагч бөгөөд Монгол Улсад дэлхийн хэмжээний мэдлэг туршлага, инновацийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Ньюком Групп нь харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн үйлчилгээний салбар гэх мэт олон салбарт хөрөнгө оруулаад байна. Тус компани нь Улаанбаатар хотоос 70 км зайд оршдог,50 мегаваттын хүчин чадалтай Монгол Улсын анхны салхин цахилгаан станцийг ажиллуулж байна. Мөн түүнчлэн, олон улсын консорциумтай хамтран 450 мегаваттын цахилгаан, дулааны 5-р станцийг засгийн газартай байгуулсан концессийн гэрээний дагуутөсөл боловсруулж байна. Компанийн төв алба Улаанбаатар хотод байдаг бөгөөд нэмэлт мэдээлэлавахыг хүсвэл манай цахим хуудсаар зочилно уу. www.newcom.mn.

Зээлдүүлэгч байгууллагуудын талаарх мэдээлэл:

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (ЖАЙКА)-ийн тухай

ЖАЙКА нь Японы Хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлдэг, хөгжиж буй улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. “Хүртээмжтэй бөгөөд давшингуй хөгжил”-ийн алсын хараатайгаа уялдуулан ЖАЙКА нь хөгжиж буй улс орнуудад тулгамдсан асуудлуудыг туслалцааны олон янзын арга барил, хэрэгслийг ашиглан, бус нутгийн, улс орны онцлогийг тусгасан, асуудалд суурилсан арга замаар шийдвэрлэх туслалцаа үзүүлдэг.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны тухай

ЕСБХБ нь Мороккогоос авхуулаад Монгол, Эстониас Египет хүртэлх 30 гаруй  улсуудад зах зээлийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж, хувийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжин ажилладаг олон талт банк юм. Тус банкийг 65 улсын засгийн газар, Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк эзэмшдэг.